Одоогоос 15 жилийн тэртээ Монголчууд бид түүхэндээ анх удаа хувийн хэвшлийн цөөн тооны сургуулиудыг өлгийдөн авсан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролыг өөрсдийн үр хойчдоо олгох гэсэн манай мянга мянган эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдлийн биелэл байсан юм.

Энэхүү түүхэн үйл явдлын гол төлөөлөл болсон “Гурван тамир” бүрэн дунд сургууль нь нийгмийн бүхий л салбарт зуу зуун үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх суурийг тавьж өгснөөрөө Монголын боловсролын салбарын хөгжилд багагүй хувь нэмрийг оруулж ирснийг зүй ёсоор бахархан тэмдэглэж байна. Манай сургуулийн үе үеийн төгсөгчдөөс эдийн засагч, инженер-техникч, эмч багш гээд тоочоод барамгүй олон зуун чадварлаг боловсон хүчин төрөн гарч эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаа нь бид бүхний хамгийн эрхэм бахархал билээ.

Манай сургуулийн хамт олон цаашид сургалтын чанарыг олон улсын жишигт дүйцэх хэмжээнд төлөвлөн явуулах, эдийн засгийн хувьд өөрийн бие даасан чадамжтай байхад чиглэсэн олон томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлээд байна. Шинэ зууны дэлхий дахины үсрэнгүй хөгжил, Монгол улсын хөгжлийн шинэ сонголт нь манай сургуулийн эрдэмтэн багш нарыг улам үр бүтээлтэй, далайцтай ажиллахыг шаардахын сацуу нийт суралцагчдын мэдлэгийг сайжруулж, сургалт, судалгааны ажлыг боловсронгуй болгох, орчин цагийн боловсролын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь багш ажилтан бүхний хүлээсэн эрхэм үүрэг билээ. Энэ түүхэн ойгоор өнгөрсөн хугацааны ажил үйлсээ дүгнэж цаашид хийх ажлынхаа чиглэлийг тодотгон өөрсдийн дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажил бүтээлийнхээ бодит үр дүнгийн төлөө хүн бүр идэвх санаачлага гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Мөн “Гурван тамир” бүрэн дунд сургуулийн түүхэн он жилүүдийн хугацаанд энэхүү эрхэм сургуулийн нэрээр овоглож явсан болон одоо ч бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэж яваа сургуулийн нийт удирдлага, багш, ажилтан болон, үе үеийн суралцагчдаа “Багшийн эрдэм шавьд, шавийн эрдэм бялхан цалгиж байх болтугай” гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхний ажил үйлс үргэлжид өсөн дэвшиж, үр өгөөж нь үлэмж их байх болтугай!

Э.Содгэрэл

Гүйцэтгэх захирал